Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага

2012-09-05,

Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана.



-Танд болон яамны хамт олонд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан ажлын өндөр амжилт хүсээд шууд асуултдаа оръё. Та энэ салбарт бодлогын түвшинд өөрчлөлт хийх үү, тийм бол юуг, яаж өөрчлөх вэ?

Боловсролын бодлогыг хүүхэд бүрт

-Мэдээж хамгийн том зорилт бол өнөөдрийг хүртэл бий болгосон боловсролын салбарын ололтуудыг баталгаажуулах. Үүний зэрэгцээ салбарыг цааш яаж хөгжүүлэх бодлогыг гаргаж байгаа.

Хөгжлийн бодлогыг базаад томъёолох юм бол “Боловсролын бодлогыг хүүхэд бүрт” гэж болно. Хүүхэд бүрт хандсан сургалтын, боловсролын бодлого байна.

Сургууль ярьдаг, эсвэл орчин ярьдаг байдлаас илүүтэй бид хүүхэд бүрийн тухай ярьдаг, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээдэг, хүүхэд бүрт анхаарал тавьж, хүүхэд бүрт зориулсан программтай ганцаарчилсан сургалтын системийг бий болгох нь манай багийнхны шинэ зорилт юм. Ийм бодлого дэвшүүлэх гэж байна.

Хүүхэд бүр анхаарлын төвд орно гэсэн үг.

-Шинэлэг сонсогдож байна. Ганцаарчилсан сургалтын систем гэдгийг тайлбарлах уу. Одоогоор ХБК-ийн сургалт ингэж явагддаг. Нэг мэргэжлийн багш нэг шавьд заадаг. Сургалт нэг өрөөнд нүүр тулсан байдалтай явагддаг. Үүн шиг багш, шавь болгон нүүр тулж ажиллах боломж сургуулиудад байхгүй. Тэгэхээр хөгжлийн шинэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлнэ гэсэн үг вэ?

-Ийм бодлого боловсруулж, хэрэгжүүлэх улс орон цөөн л дөө. Яагаад цөөхөн бэ гэхээр үүнийг  хэрэгжүүлэхэд хамгийн чухал үзүүлэлт бол хүн ам цөөн байх шаардлага. Манай онцлог бол хүн ам цөөтэй. Бага, дунд боловсрол, цэцэрлэгийн насных гээд ангилах юм бол бүр цөөн болно.

Жишээлбэл нэг суманд цэцэрлэгийн насны, бага сургуулийн, дунд ангийн хэдэн хүүхэд байна гэдгийг гаргаад ирье. Ингээд өнөөх их 500 мянга гэдэг тоогоо сум, дүүрэг, аймаг, баг, хороо гээд засаг захиргааныхаа нэгжид хуваахад цөөхөн хүүхэд ногдож байгаа юм л даа. Тийм учраас хүүхэд болгонд зориулсан программ гаргах боломжтой.

Гэхдээ таны ярьж байгаа шиг нэг хүүхдэд нэг багш заана гэдэг бол бүтэхгүй. Нэг багш тэдэнд хичээл зааж байгаа ч гэсэн 20 хүүхдэдээ таарсан арга барилыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хамгийн гол суурь бол тэр хүүхэд хэн бэ гэдгийг таних. Таних үйл явц хүүхэд зургаан настайдаа сургуульд орохоос эхэлнэ.

Эрүүл мэндийн салбараар жишээлж хэлэх юм бол онош тавихтай адил. Бид хүүхэд сургах, хүүхдэд хичээл заах гэдэг сэтгэхүйгээсээ хүүхдийг сурах чадвартай болоход сургах, хүүхдийг сурах сонирхолтой болоход нь туслах, сонирхолтой хүүхдүүдэд мэдлэг олгоход дэм үзүүлэх бодлого руу шилжих гэсэн ийм бодлого юм.

Энэ бол үндсэндээ хүүхэд болгон руу хандсан систем. Анги, бага сургуулийн түвшинд хамгийн эхэлж хийгдэх ажил.

Ер нь бол бага сургуулийг мэдлэгт суурилсан чадвар олгох систем болгоно. Суух, сонсох, сэтгэн бодох, тооцоолох, шинийг санаачлах, тунгаан бодох, багаар ажиллах, өөртөө анхаарал тавих, хүнийг сонсох, хүнд сонссоноо илэрхийлэх чадвар үүнд хамаарна. Энэ олон чадварыг эзэмшсэн хүн шинжлэх ухааны чадварыг эзэмшихдээ хурдан байна.

Эдгээр чадварыг нь нээлгүйгээр шууд нэмэх, хасах, үржих эсвэл унших ачааллаар дараад байх нь хүүхдийг сургах гэхээс илүү дарамтлахтай адил. Хурдан уншуулах, шүлэг цээжлүүлэх, ойлгосныг нь яриулах гэдэг ийм систем бол хүүхдэдээ чадвар суулгалгүйгээр, толгойд нь байгаа мэдлэгийг тооцоолохгүйгээр шууд мэдээлэл чихээд явахад байна гэсэн үг.

Ийм их ачаалал авсан хүүхэд дунд ангид ороод ирэхэд хичээл номондоо дургүй болж эхэлдэг. Сургуульд, багшид, номонд дургүй болдог. Мэдээж хэрэг сургууль дээр нь очоод “Чи сургуульдаа дуртай юу” гэж асуувал бүгд “Дуртай” гэж хэлнэ. Яг найзуудаараа сууж байхдаа шал өөр юм ярина. Тийм учраас бид найзуудаараа суугаад юу ярьдгийг нь судлах хэрэгтэй. 

Зургаан настай хүүхэд сургуульд анх орж ирэхэд тэр хүүхдийг таних программууд хэрэгжинэ гэсэн үг. Тэр хүүхдийн мэдлэг ямар түвшинд байна гэдгийг олж харах хэрэгтэй. Ер нь бол тав, дөрөв, гурван настай хүүхдийн уураг тархин дахь мэдлэгийн хэмжээ бид нарын тооцоолохгүй хэмжээнд байдаг юм байна л даа. Их сонин дүр зураг харагдах байх. Тэгэхээр тэр мэдлэгт нь суурилан дээр дурдсан чадваруудыг олгох ажлыг зохион байгуулж хийх ийм системийг ганцаарчилсан сургалтын систем гэж нэрлээд байгаа юм.

Наад зах нь биеийн тамирын хичээл орлоо гэхэд бүгдийг нь сагсан бөмбөг тоглуулах биш. Сагс тоглож чаддаг нь тоглодог, боломжгүй нь теннисээ, шатраа тоглодог ч юм уу. Эсвэл нэг хэсэг нь гимнастикаар хичээллэж байх жишээтэй. Бүх хүүхдийг чи гимнастик хий, волейбол тогло гэдэг байдлаар тэгшитгэхгүй.

Ийм, бүгдэд бүхнийг тулгах байдал нь сүүл рүүгээ юу болж байна вэ гэхээр ерөөсөө л бөөний зах шиг систем манай боловсролын орчинд бүрдээд байгаа юм. Гэхдээ одоо байгаа боловсролын системд сайн юм олон бий. Сайн юмаа бол  бид халахгүй. Аль болох хадгалаад, дээр нь өнөөдөр хүртэл хийж чадаагүй юмаа хийе л гэж байгаа юм. 

-Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бага боловсролын стандартад өөрчлөлт оруулах уу. Аль эсвэл түүнд түшиглэн агуулгыг өөрчилсөн бодлого боловсруулах уу?

-Бид өнөөдрийг хүртэл сурах бичиг ямар байх тухай, эсвэл хэд хэдэн жилийн тогтолцоо байх тухай ярьсаар ирсэн. Одоо бол шинээр тавигдаж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол багш нар. Дээр нь эцэг эхчүүд. Энэ хоёр субъект хамгийн их хувирах чадвартай.

Одоогийн эдийн засгийн түвшинд бол эцэг эхчүүд хүүхдэдээ санаа тавих боломжтой. Манай багш нарын хамгийн сайн чадвар бол хувирах. Тиймээс хатуу мөс хагалах гэж зовох хэрэг байхгүй. Багш нартаа бодлого, зорилтоо ойлгуулахад л урагшаа явчихна.

-Тэгэхээр багш нартайгаа маш сайн тулж ажиллана гэсэн үг юм байна, тийм үү?

-Тийм ээ, эхний жилийн хийх ажил бол багш нараа үүнд хэвшүүлэх. Багш нарыг дуудаж биш, очиж ажиллах тактикийн чанартай бодлогыг бид боловсруулж байна.

Анхаарлын төвд засвар, форм, цүнх биш, харин хүүхэд

-Энэ бодлого, зорилтыг өнөөдрийг хүртэл явж ирсэн уламжлалт болон дэвшилтэт бодлого, зарчмаас ургуулав уу. Эсвэл хөгжингүй бусад улс орны туршлагаас нэвтрүүлж байна уу?

-Энэ бол сүүлийн хоёр гурван жил боловсролд анхаарал тавьдаг хүмүүсийн дунд яригдсан зүйл. Өнөөдөр бодлого болох гэж байна. Яам ч гэсэн энэ талаар ажиглалт хийж байгаа. Яам энэ тухайд  тодорхой лабораторийн түвшинд ажиллаж байгаа. Гэхдээ лабораторийн түвшинд туршилт хийгээд өнгөрөх биш, Монгол даяар хэрэгжүүлэх бодлого болж гарч ирэх нь чухал.

Тэгэхээр хамгийн эхэлж хийгдэх ажил юу вэ гэхээр “Хүүхдийг хэрхэн таних вэ” гэдэг программ боловсруулах. Түүнийгээ эцэг эх, багш нартай хамтарч хэрэгжүүлэх. Хүүхэд юунд дуртай вэ гэдгийг бүгдээрээ ойлгох шаардлага гарч байгаа юм. Хүүхэд юуг мэддэг вэ, чаддаг вэ, бас мэдэхийг хүсдэг вэ гэдгийг бид таних, таниулах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд ирэхээр хүүхэд өөрөө анхаарлын төвд байх ёстой болж байна.

Хуучин бол ном сурах бичиг, форм, цүнх, сургуулийн засвар л анхаарлын төвд байдаг байсан бол одоогийн шинэ системээр хүүхэд анхаарлын төв байх болно. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бид ямар бодлого барих вэ гэхээр тухайн цэцэрлэг яавал тэр хүүхдийн очих дуртай газар байх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Жишээлбэл би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгч байсан аавын хувьд нэг зүйлийг сайн ойлгодог.

Цэцэрлэг гэдэг бол хүүхэд очоод орилж чарладаггүй газар л байх ёстой. Би энд үлдмээргүй байна гэдэг биш, харин  тэр хаалгаар орохдоо баярлаад ордог ийм л орчин байх хэрэгтэй. Тэгэхээр тэнд гурван настай хүүхдийг үнэхээр хайрлаж хүндэлдэг, тэднийг эрхлүүлдэг, дураар нь байлгадаг, хүссэн шинэ юмыг нь өгч чаддаг ийм л орчин байх хэрэгтэй.

Ингээд ирэхээр хүүхэд зургаан настайгаасаа эхлээд гудамжаар явахдаа ч, зурагт үзэхдээ ч, гэртээ байхдаа ч мэдээлэл авдаг болно. Маш их хуримтлагдсан мэдээлэл дээр нь дүгнэлт хийгээд энэ хүүхэд ийм мэдлэгтэй юм байна, одоо ямар чадвар суулгах ёстой вэ гэдгийг тодорхойлох программ бидэнд хэрэгтэй байна.

Наад зах нь  нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдийг хооронд нь уралдуулдаг байдлыг эхний ээлжинд зогсоох хэрэгтэй. Энэ сайн, тэр муу гэдэг нэг ч үйлдэл гаргаж болохгүй. Бага ангид уралдаан тэмцээн гэж байхгүй гэж ойлгож болно. Уралдаанаар энэ нь аварга, бусад нь муу гэж ялгаж болохгүй.

Амжилт дандаа хамтынх байх ёстой. Уралдаан байлаа ч гэсэн багийнх байх ёстой. Тэдний баг түрүүллээ гэх юм бол тэр дундын амжилт болж харагдана. Тийм учраас янз бүрийн олимпиадыг нэг хоёрдугаар ангийн түвшинд хийхийг хориглоно гэж бодож байгаа.

Яагаа ч үгүй зургаан настай хүүхдийг таниагүй байж дарамтална гэдэг томчууд өөрсдөө баясахын тулд хийгээд байгаа хэрэг. Энэ хүүхэд тоо сайн боддог гэж баясахын тулд хүүхдэд тийм их ачаалал өгч байгааг өнөөдрийн системийн хамгийн буруу нь гэж ойлгож байна.

Аргыг нь зааж өгөөгүй байж, “Чи тоо бодож чадахгүй байна” гээд орхиж байгаа бол, “муу хүүхэд” гэж чичилж байгаа нь бол хамгийн буруу. Хүн болгонд л адилхан чадвар байгаа. Тэр дундаас алийг нь хөгжүүлэх нь өөр асуудал. Тодорхой түвшний тооны ухааныг хүн болгонд зааж болдог, сурахад нь тусалж болдог. Тодорхой түвшинд сурахаас нь өмнө том том шаардлага тавьж шалгалт аваад муу дүн тавиад байхаар хүүхдүүд чармайхаа больчихдог.

Наад зах нь тооны номон дотор 20 мөнгөний талх тэдийг авахад хэдэн төгрөг болох вэ гэдэг асуулт байж болохгүй. Яагаад гэвэл тэр хүүхдэд мөнгөний тухай мэдлэг байхгүй. Монголд мөнгө хэрэглэгддэггүй. Талх өнөөдөр 1000 төгрөгийн үнэтэй байгаа бол тооны бодлогон дээр яг тэр хэвээрээ л байх хэрэгтэй.

Хүүхдүүд хэдээр талх авдгийг мэдэж байгаа шүү дээ. Хэрэглэгдэж байгаа тэр үг, үсэг томъёолол болгон яг амьдрал дээр байх ёстой. Яг өөрөө амьдрал дээр хардаг мэддэг мэдлэг байх, толгой дотор нь бор хайрцганд нь байгаа мэдээллийн бичилт дээр суурилсан тийм арга замаар заагаад яваад байх юм бол хэн ч, юуг ч сурна.

Сургалт ганцаарчилсан шинж чанартай байна гээд байгаагийн шалтгаан ердөө л энэ. Хүүхэд болгоныхоо авьяасыг нээе л гэж байгаа юм.

Ажилсаг, шударга зарчимч, хууль мөрддөг хүн бэлтгэх нь боловсролын системийн зорилт

Тэгэхээр одоо бидний тавьж байгаа зорилт бол ирэх жил Монголд хэдэн мянган хүүхэд тоо бодож сурсан тухай, морин хуур, гитар, төгөлдөр хуур тоглож чаддаг болсон тухай мэдээлэл манай салбарын мэдээлэл байх болно. Өнөөдрийг хүртэлх мэдээ бол хэдэн сургууль ашиглалтанд оруулсан, хэдэн анги зассан, хэдэн ширээ сандал бэлдсэн тухай байдаг байсан.

Бидний тавьж байгаа зорилго бол түрүүн хэлсэнчлэн хэн гэдэг хүүхэд ямар авьяастай, ямар чадвараа нээсэн бэ, юу сурч чадсан тухай мэдээлэл байх ёстой. Энэ нь яамны түвшинд базагдсан тоо байна.

Сумын түвшинд хүүхэд бүрийн амжилт нэрээрээ гараасай гэж бодож байгаа юм. Суман дээр нэг яваад очиход “Манай сургуулийн барилгыг ингэж заслаа” гэхийн оронд хүүхдүүд нь юу сурсныг тайлагнах хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг хүсэл мөрөөдөл биш.

Хамгийн сүүлийн жишээ авахад л Завхан аймагт Я.Санжмятав дарга байхдаа 3000 хүүхдийг морин хуур тоглуулж сургасан. Одоо 9000 хүүхдийн шатрын тэмцээн зохиох гэж байна. Тэдний 16 мянган хүүхдээс 9000 нь шатар тоглоод сурчихаж. Тэгэхээр хүн юм сурдагггүй, чаддаггүй гэдэг худлаа.

Хамгийн хэцүү байдлаар сургана гэж дайраад дургүйцлээ илэрхийлснийх нь төлөө “Чи чадахгүй” гээд, гурван хүүхэд тэмцээнд орж гурван хүүхдийн энгэрт медаль зүүдэг энэ байдлыг л болиулъя гэж байгаа юм. Ер нь бол монголчууд цөөхүүлээ учраас өөрсдийгөө нээх хэрэгтэй.

Жишээлбэл морин хуур тоглоод сурчихаж байгаа хүүхэд ажилч хичээнгүй зантай болно. Шинэ ая тоглож байгаагаараа тэр хүүхэд өөрийгөө байнга хөгжүүлж сурна. Тэр хүн дараа нь ямар ч ажил хийхэд ажилч хичээнгүй зан нь хэрэг болно. Ямар ч ажил хийсэн шинээр өөрийгөө хөгжүүлж болдог тэр байдал нь алга болохгүй.

Бид “Зөв монгол хүн” гэдэг хөтөлбөр томъёолж байгаа. Энэ томъёоллын хамгийн чухал зүйл нь хөдөлмөрч хичээнгүй, тусч нигүүлсэнгүй, өөрийгөө хөгжүүлэгч бие хүн, авьяас чадвараа нээсэн зөв хүн гэж хэн бэ гэдгийг харах. Үнэхээр ажилсаг хичээнгүй, дээр нь шударга, зарчимч, хуулийг ойлгосон, хуулийг мөрддөг ийм хүнийг бэлтгэх нь өөрөө боловсролын системийн зорилт.

-Чадвартай боловсон хүчин бэлтгэх гол хүчин зүйл нь багш сайн байх. Гэтэл багш бэлтгэдэг сургуулиас сайн бүтээгдэхүүн гарахаа байсныг шүүмжилдэг. Үүнд хэрхэн анхаарах вэ?

-Багшийн сургуулийн оюутнуудыг маш сайн багш, хүн болгоод төгсгөх боломж байна. Мундаг арга зүйтэй болгоод төгсгөх боломж ч харагдаж байгаа. Хамгийн эхний ажил энэ. Би монголчуудад нэг зүйлийг  амлаж чадна. Ирэх хавар маш сайн багш нар төгсөнө. Муу нь төгсөхгүй. Дахиад суулгана, улираана. Энэ тухай хөтөлбөр ес, аравдугаар сард багтаад гарчихна, үүнийг Багшийн сургууль дээр хэрэгжүүлнэ. Энэ болзлыг хангасан нь үнэхээр сайн багш болно. 

Цаашдаа яах ёстой вэ гэхээр дунд сургуулиас нь эхлээд багш болох хүнд зориулсан тест өөр байх болно. Тэр хүн багш болох үнэхээр сонирхолтой байвал болно. Үгүй бол авахгүй.

Ер нь багшид байх ёстой хамгийн чухал зүйл бол хүсэл. Багшлах хүсэл гэж юм бий. Хүүхдэд юм заах хүсэлтэй, тэр хүүхдэд боловсрол өгөх ёстой гэж бодож байгаа хүмүүсийг л Багшийн сургуульд авна. Тэгээд тэр зорилгодоо хатуу байх арга барилыг нь зааж өгнө.

Тэр зорилгоосоо хэзээ ч няцахгүй хүн болгож хүмүүжүүлж өгнө. Зорилгоо биелүүлэх бүх арга замыг нь сургалтынхаа явцад заана. Гэхдээ мэдээж хэрэг юуны багш болох вэ гэдгээс шалтгаалаад шинжлэх ухааны авах мэдлэгийн түвшин тухайн тухайн чиглэлээс хамаараад өөр байна.

-Сайн багш бэлтгээд гаргачихлаа. Тэр сайн багш нарыг орон нутагт, хязгаар суманд  ажиллуулах эдийн засгийн ч юм уу ямар хөшүүрэг төлөвлөж байгаа вэ?


-Мэдээж хэрэг тодорхой хөшүүрэг яригдана. Тухайн багш ажиллаж амьдрах нөхцөлийг тодорхой алхмуудаар хийнэ. Тэр талаар одоо зарлах буруу л даа. Багш нарынхаа амьдрал ахуйд хүрэхээр үнэхээр манлайлагч байхаар, манлайлагч яаж амьдардаг юм, түүнийг бүрдүүлэхийн төлөөх төрийн бодлогуудыг хэрэгжүүлнэ.

-Нийслэлийн захын сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ?


-Түрүүний ярьсан бодлого бүх түвшиндээ хэрэгжинэ. Захын хороололд өөр, төвийн хороололд өөр бодлого тавина гэдэг ойлголт байхгүй. Хүүхдийн сургалтад адилхан л эцэг эхчүүдийн оролцоог чухалчилна. Ер нь эцэг эхийн оролцоогүйгээр боловсрол явдаггүй юм билээ.

Яагаад гэвэл тухайн хүүхэд сургууль дээрээ өөрийгөө хөгжүүлэх зүйл хэчнээн ч хийсэн, гэртээ ирэхэд нь аав нь ч юм уу хэн нэгэн агсам согтуу тавиад л, гэр орноос нь хөөж туугаад, янз бүрээр харааж зүхээд байвал яах вэ.

Анги дээр нь багш нь магтаад байдаг. Тэгэхээр хүүхдийн тань боловсрол амин чухал юм бол, энэ нь таны ажил амьдралын нэг хэсэг заавал байх ёстой. 

-Дээд боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ. Төгсөгчид чанаргүй байна гэж бизнесийн байгууллагын удирдлагууд ярьдаг. “Монгол Улс боловсон хүчний хомсдолд оржээ гэх нь ч бий. Ажилд орох өргөдөлд өгдөг, тэнцэх хүн алга гэдэг. Тэгэхээр оюутнуудыг яаж  чанартай төгсгөх вэ?


-Дээд боловсролд шинэчлэл хийх хэрэгтэй. Эрс шинэчлэл хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоогийн байгаа нөхцөлийг хэт удаан хадгалах нь үнэхээр эмгэнэл. Дээд боловсролыг чанаржуулах, нэр хүндийг нь өсгөх арга байна. Эхний тодорхой алхам бол ном сурахгүй оюутнуудыг сургууль төгсгөхгүй ээ. Наад захын шаардлага энэ.

Ер нь бол их сургууль төгсөхийн тулд аль ч чиглэлээр төгсөх гэж байгаа хүүхэд 100, 200 ном заавал унших шаардлага тавина. Төрийн өмчит их дээд сургуулийн ч бай, хувийнх ч бай ялгаагүй. Оюутнуудад хандаж “Төгсөхөд хэцүү болно шүү” гэдгийг хэлье. Аргалаад төгсөх тухай ойлголт байхгүй. Аргалж болдоггүй юм Монголд байдаг гэдгийг харуулна. Энэ их амархан.

“Их дээд сургуульд элсэе” гэсэн оюутан болгоныг уриалгахан угтаж, авна, харин төгсөх эсэхээ тэд өөрсдөө мэднэ. Хичээлт зүтгэсэн нь  төгсөнө. Шаардлагатай түвшинд сурч чадахгүй, шалгалтаа өгч чадахгүй байгааг нь улираана. Хэдэн жил ч хамаагүй улираана. Тиймээс залуус аа, өөрөө өөрийгөө битгий хуураач ээ гэдэг л шаардлага тавьж байна.


Боловсролд ээлгүй засаг дарга шалгаруулна

-Гадаадын санхүүжилттэй хувийн цэцэрлэгүүд бий. Хувийн, өндөр төлбөртэй цэцэрлэг олноор байгуулах боломж бий юү?

-Асран хамгаалах төв гэдэг үүднээс цэцэрлэгийг нэмж байгуулах нь зөв. Төр өөрөө санаачилга  гаргахаас илүүтэй яг тийм цэцэрлэг ажиллуулах юмсан гэсэн хүмүүстэй хамтарч ажиллах чухал.

Томоохон пүүс компаниудыг татвар төлснөөр нь уралдуулдаг шиг цэцэрлэг барьснаар нь уралдуулж болно. Боловсролд ээлтэй Засаг дарга нарыг жил бүр зарлана гэж бодож байгаа.

Мөн боловсролд ээлгүй, боловсролыг дайсагнадаг Засаг дарга нарыг ч жил болгон зарлана гэж бодож байгаа. Боловсролоос хулгай хийдэг Засаг дарга нарыг ч зарлаж болно. Боловсролд хамгийн ихээр хөрөнгө оруулдаг компаниуд аль вэ гэдгийг ч тодруулж болно.  

-Та ажлаа аваад удаагүй байгаа. Томилогдохоосоо өмнө ярилцлага өгөхдөө “Боловсролын сайд болох шаардлага, шалтгаан байна” гэж байсан. Тухайн үед таны төсөөлж байсан боловсролын салбараас хэр өөр байх юм. Бодит байдлаас юу олж харсан бэ?


-Миний төсөөлөл үндсэндээ зөв байсан. Яагаад гэхээр сайн, муу боловсролын дунд жаахан л зөрүү байдаг юм байна. Үүнд би дандаа итгэдэг. Их жаахан зөрүү байна.

Эрдэмтэй хүн, эрдэм дутуу хүний хооронд 100 ном уншсан үгүйн ялгаа гардаг. Тухайн хүн зүгээр л гадуур зугаалахын оронд гэртээ суугаад ном уншсаны ялгаа юм л даа. Тийм учраас бидний хийх гээд байгаа зүйл ерөөсөө хэцүү биш. Тийм их мөнгө шаардсан, хэцүү зүйл ерөөсөө биш. Аль ч түвшинд.

Боловсролын салбарт шинэчлэл хийх бодолтой хүн олон бий нь мэдэгдсэн. Бидний дэвшүүлэх дараагийн асуудал бол насан туршийн боловсрол юм. Хүн хэзээ ч боловсролоо дээшлүүлэх  боломжтой сургалтын системийг нэвтрүүлнэ. Заавал их дээд сургуульд очиж шалгалт шүүлэг өгч байж тэнцэн хичээлд суух ямар хэрэг байна.

Аль нэг сургууль дээр очоод санал хүсэлтээ гаргаад, мөнгөө төлөөд аль нэг кредитыг авч болох ёстой. Үүнийг л насан туршийн боловсрол гэж байгаа юм. Сүүлийн үед нэрд гарч байгаа эрдэмтдийн лекцэнд суумаар л байна шүү дээ. Гэтэл оюутан биш гээд суулгадаггүй. Энэ боломжийг нээж өгөх хэрэгтэй.

Боловсролд эрх чөлөөг бий болгоно. Баруунд явж байхад нэг байшин руу ороход л 40, 50 сургалтын төв байж байдаг. Нэг байшингийн доогуур гарахад л нэг хөгшин шатар заагаад сууж байдаг. Урдаа гурван хүүхэд суулгачихсан. Гэтэл манайд цагаа боловсон өнгөрүүлдэг газар алга гэхээр том том клуб, спорт заалыг хэлээд байна гэж ойлгодог. Гэтэл үгүй, манай гэрийн хажууханд ямар нэгэн сургалтын бичил орчин байх тухай ойлголт юм.

Төр түүнийг буруу хараад байдаг. Цаг зөв өнгөрүүлнэ гэхээр л спортын ордон бариад өгдөг. Үгүй. Цагаа зөв өнгөрөөнө гэдэг гэртээ ирж, унд хоолоо идчихээд орой болохоор ойрхон байдаг газар ямар нэгэн дугуйлан секцэд хичээллэхийг хэлнэ. Ганц, хоёр цаг хичээллэж байгаад унтана гэсэн үг. Тэгэхгүй бол манайхан ажил тарлаа, гэртээ ирлээ, хоол идлээ, телевизор үзнэ, шар айраг ууж, бааранд орно.

Энэ гаж хэвшлийг халах цоо шинэ хэв маягийг гаргаж ирэх гээд байгаа юм. Насан туршийн боловсрол гэдэг цоо шинэ систем бий болгоно. Ийм төв, дугуйлан, секц ажилуулж байгаа хүмүүсийг төрөөс яаж дэмжих вэ гэдэг маш тодорхой бодлого гаргаж ирнэ. Жишээлбэл түүгээр дамжуулаад 20 мянган хүн давхар ажилтай болно, 10 мянган хүний цоо шинэ ажлын байр бий болж болно.

Бидний хийх гээд байгаа энэ шинэчлэлийг л гэхэд их дээд сургуулийн залуу эрдэмтэн, докторууд шаардаж байгаа. Хувьсгал л хийхгүй бол энэ бүтэхгүй гэж хэлээд байгаа. Тийм учраас би ийм томъёолол ашиглаад байна. Ер нь бол энэ шинэчлэлийг хийхэд ард түмнээрээ хүлээн зөвшөөрүүлэх нь хамгийн эхний алхам. Ард иргэдийнхээ сонирхлыг татах хэрэгтэй. Ингэж олуулаа хөдөлж байж дээрдэнэ.

Түүнээс биш хөөрхий хэдэн багш, хэдэн захирал, яамны 70 хүн боловсролын салбарт ажилладаг долоон мянган хүн энүүхэн хүрээндээ ажиллах юм бол явахгүй. Өнөөх цэргийн амьдралын тухай кино гарахад залуус цэрэгт явах сонирхолтой болсонтой адил дэвшүүлж байгаа бодлогоо олон түмэндээ ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг бидний хувьд хамгийн том даалгавар болж байна. Үүнд бид хэвлэл мэдээллийнхэн, олон нийттэй харилцах авьяас чадвартай байгууллагыхныг урьж ажиллуулна гэж бодож байгаа.


-Боловсролын салбарт байгаа өөдрөг зүйл юу байна вэ?

-Боловсролын салбарыг сайхан болгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүн маш олон байна. Энэ бол хамгийн эхний өөдрөг зүйл. Дараагийнх нь манай дийлэнх хувь нь сурах эрмэлзэлтэй байна. Энэ бол маш чухал. Боловсрол тун чухал гэдгийг хүн бүр ойлгосон байна. Дараагийн сайхан зүйл нь үнэхээр сурах сонирхолтой бүтэн үе байна. Энэ бол сайн хэрэг.

Манай боловсролын яаманд 90 жилийн туршлага байна. Тодорхой хүрсэн түвшин байна. Өнөөдрийг хүртэл хийж чадаагүй зүйлээ л бид хийх гэж байгаад гол нь байгаа юм. Гэхдээ энэ нь огт хүн хийгээгүй зүйл биш. Зарим хэсэг нь туршаад, зарим нь лабораторит туршигдсан юмыг л одоо арай далайцтай бүтнээр нь хөдөлгөх гэж байгаа хэрэг.

-Энэ салбарын бодлогыг хэдэн хүн хариуцаж ажилладаг вэ. Шуудхан асуухад халаа сэлгээ хийх үү?


-Би багаа бүрдүүлэхдээ, миний боловсруулсан санааг дэмжээд хамтарч ажиллах хүмүүсийг авна. Боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөдөг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс энэ яаманд ажиллаасай гэж хүсч байна. Харин шууд халаа сэлгээ хийнэ гэж битгий ойлгоорой. Гэхдээ шаардалага хангахгүй хүмүүсийг солихоос өөр аргагүй.

-Та “Боловсрол” нэртэй клуб нээнэ гэж хэлж байсан?

-“Боловсрол” клуб нээгдэнэ. Өөрөөр хэлбэл бодлогын зөвлөл ажиллаж, энэ салбарын бодлогыг олон түмэнд хүргэнэ гэсэн үг.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax