Аз жаргалын 10 нууц /АДАМ ЖЕНСОН/

2012-09-26,
      Нэг дэх нууц:   Хандлагын хүч


Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч юм. Энэ нь хүн аливаа зүйлд яаж хандаж байна,  хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг. 

Тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь.  Хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий. 

Мөн азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагаад надад заавал ийм юм тохиолдож байгаа юм бол,  яагаад би ийм азгүй юм бэ гэж бодохын оронд энэнээс ч дор байж болох байсан шүү дээ, зарим азгүйтэл, гай зовлон нь асар их аз жаргалын үндэс болж, олон шинэ боломжуудыг дагуулдаг зэрэг үгсийг санаж, өөдрөг байж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй байх нь ээ. 

Бусдаас ч өө сэв эрэлгүй, сайн сайхан талыг нь олж харахыг хичээж байвал харилцаанд, сэтгэлд чинь таатай байх болно гэсэн үг ажээ. Хүн юу эрж хайна, юу харахыг хүснэ, түүнийгээ л олж хардаг байна.

Гадаад нөхцөл байдал биш, миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар би аз  жаргалаа удирдана . 

     Хоёр дахь нууц:   Бие махбодын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын хоёр дахь нууц нь бие махбодын хүч болно. Энэ нь биеийн тамирын тогтмол хөдөлгөөн, дасгал нь хүний сэтгэлийг тайвшруулж, сэргэлэн цовоо байлгаж, сэтгэлийн хямрал дарамтыг замхруулах ид шидтэй гэсэн үг болой. 

Тиймээс гэртээ босохоос залхуураад суугаад байлгүй дасгал хөдөлгөөн хийж,  нар салхинд гарч тархи толгойгоо сэргээж байх ёстой байх нь. 

Мөн түүнээс гадна эрүүл зөв хооллолт, амьдралын зөв горим зуршил нь таны сэтгэл санааг цовоо сэргэлэн, аз жаргалтай болгодог гэнэ. 

Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээж, нойроо зөв зохицуулж,  биеийн тогтмол дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч байх нь хүний сэтгэл санааг цовоо сэргэлэн байлгахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна.

     Гурав дахь нууц:  Хором хормоор амьдрахын хүч

Жинхэнэ Аз Жаргалын гуравдахь нууц нь хором хормоор амьдрахын хүч болно. Энэ нь  өнгөрч буй хором бүр дахин давтагдашгүй гэдгийг санаж,  хором бүрийн гайхамшгийг мэдэрч,  хором бүрийг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай өнгөрөөхийг оролдоорой гэсэн зөвлөгөө аж.

Хүний амьдралын бүхий л хугацаа  хоромуудаас бүрдэнэ. Тэгвэл тэр хоромуудыг  баяр баясгалан болгож чадсанаар аз жаргалыг хүртэх боломжтой болох юм.

     Дөрөв дэх нууц:   Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын дөрөвдэх нууц нь өөрийн хөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч юм . “Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна “ хэмээн ярьцгаадаг . 

Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна , тийм л хүмүүс юм. Бусад хүмүүс ч хүний өөрийнх нь төсөөллөөр, өөрийнх нь тодорхойлолтоор хүнийг дүгнэх нь түгээмэл. 

Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй. Хэн  нэгний  хүн болж  төрөх боломж нь   гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учраас хүн бүр ялагч юм. Бусад хүмүүс нь бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд юм .

Өөрийнхөө тухай буруу төсөөлөл, шүүмжлэлт бодлоосоо ангижран,  өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй. Үүнд : 
-    Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, тэд нь шударга эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй. 
-    Та ямар хүн болохыг, хэн байхыг хүсч байгаа тухайгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр  хэлж байх 
-    Та хэн байхыг  хүсч байна, үнэхээр яг л тийм юм шиг биеэ авч явах 
-    Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух 

Хүн өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөх, өөрийгөө зөв үнэлэх, өөрт байгаа чадвараа бүрэн дүүрэн ашиглах, өөрөө өөрийгөө толинд хардаг шиг өөрийн үзэл бодол, санаа, зорилгоо байнга тунгаан тольдож байх нь ямар их хүч, нөөц боломжийг илрүүлэн аз жаргалтай амьдрах боломжтойг үгүүлжээ.

     Тав дахь нууц: Зорилгын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын тав дахь нууц нь зорилгын хүч болно. Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог.  Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналлаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна . 

Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно. Бүх зорилгоо жагсаан бичээд

     Өглөө сэрмэгцээ 
     Өдрийн турш үе үе 
     Орой унтахынхаа өмнө уншиж бай .

Мөрөөдөлгүй хүн зорилгогүй
Зорилгогүй хүн төлөвлөгөөгүй
Төлөвлөгөөгүй хүн гүйцэтгэлгүй
Гүйцэтгэлгүй хүн биелэлтгүй
Биелэлтгүй хүн амжилтгүй
Амжилтгүй хүн аз жаргалгүй гэж та зорилгоо хэрхэн тавих, эрч хүч, амжилтыг олж аз жаргалд хүрэх талаар ихийг ойлгох нь мэдээж

Зургаа дахь нууц:  Хошигнолын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын зургаадахь  нууц  болох хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж,  аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно . 

“ Энэ явдалд муу зүйл юу байна вэ?” гэж асуухын оронд “Үүнд  инээдтэй зүйл юу байна вэ?”,   эсвэл “ Үүнд  инээдтэй зүйл юу байж болох байсан бэ?” гэж асуу. “Хямралыг давах хоёр алхамын томьёог “ хэрэглэ.
1.    Аар саар зүйлд бүү санаа зов 
2.    Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана. 

Зарим хэцүү хүндрэлтэй нөхцөл байдлыг эргээд бодохдоо өөрийгөө шоолж инээх үе хүнд бишгүй л тохиолддог шүү дээ. Хөгжил хөөртэй орчинг өөрөө бүрдүүлэхээс гадна өөрөө ч хөгжил хөөртэй мэдээлэлд тэмүүлэх хэрэгтэй юм.

Мэдээж хошигнол инээд баясал жаргал биш гэж үү. Мэдээж жаргал тэгвэл та муу зүйл, таагүй байдлыг инээд баясал, хошигнол болгож чадвал аз жаргал тэр байх болно.

     Долоо дахь нууц:  Өршөөн уучлахын хүч 

Жинхэнэ Аз Жаргалын  долоо дахь нууц  өршөөн уучлах  чадвар нь Жинхэнэ Аз Жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Танд  үзэн ядалт , хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг  сана . 

Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил. Өөрийгөө уучил. 

Гомдол үзэн ядалт зэрэг нь хамгийн хэрэггүй мэдрэмжүүд бөгөөд хэн нэгний талаарх сөрөг муу бодлоосоо сэтгэлээ чөлөөлж сурвал сэтгэл тань асар их уужран хөнгөрөхийг та мэдрэх болно. Мөн өөрийгөө ч гэсэн аливаа зүйлд буруутгахаас илүүтэйгээр алдаа гаргадаггүй хүн гэж үгүй бөгөөд хүн бүр л ямар нэгэн асуудалтай байдгийг санан, дахин алдаагаа давтахгүй байхад л анхаарлаа хандуулж, өөрийгөө уучилж сурах хэрэгтэй байх нь ээ.

Та өршөөн уучилж дотроо бугшисан гомдол, үзэн ядалтаа авч хаяж чаддаг болбол ухаан санаа тань цэлмэг, зовлон шаналгүй аз жаргалтай байх болно.

     Найм дахь нууц:   Өглөгийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын найм дахь  нууц нь бусдад өгч сурахын хүч болно. Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх , бусдад туслах чадварт оршино . 

Бид бусдад  хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм. Хэн нэгэн лүү инээмсэглэх, хэн нэгэнд туслахад тухайн хүний сэтгэлээс ялгарах талархлын энергийг сэтгэл тань мэдэрснээр өөрийн эрхгүй сэтгэл сайхан болж, аз жаргалаар дүүрч ирдэг байна.

Та харамлах, хав дарах биш өгч сурвал түүнээсээ ихийг авч, түүнээс илүү эрч инергийг аван аз жаргалтай байж чадна.

     Ес дэх нууц:  Хамтын харилцааны хүч 

Жинхэнэ Аз Жаргалын ес дэх  нууц нь харилцааны хүч болно. Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. 

Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд  бэрх цагийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцаж буй баяр  баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж  буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө . 

Хэн нэгэнтэй  харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд. Мөн хамт олны олон хэлбэр хүрээллийг үүсгэснээр та илүү чөлөөтэй сэтгэж илүү аз жаргалтай байх болно.

Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй хэмээх сургаалтай адил ганцаараа ямар ч амжилтыг бүтээж чадахгүй, олны хүч оломгүй далай гэдгийг бодон бусадтай харилцаж сурахын гайхамшгийг та мэдрэх болно. Аз жаргалын түлхүүрийн нэг тэр мөн.

     Арав дахь нууц:  Итгэлийн хүч 

Жинхэнэ Аз Жаргалын арав дахь нууц  Итгэл нь Жинхэнэ Аз Жаргалын суурь болдог. Итгэлгүйгээр  аз жаргал удаан үргэлжлэх аргагүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ , түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө. Хүн өөртөө, ирээдүйн сайн сайханд итгэж чадсанаар аз жаргалын 10 дахь хаалга танд үүдээ нээх нь ээ.

Итгэлийг олох, итгэлийг даах, аливаа асуудлын сайн сайхныг олж харан итгэснээр амжилт бүтээл дүүрэн байж, аз жаргалтай амьдрах нь ойлгомжтой юм.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax